Nov 16, 2007

Гадаад хэлний багш нарын семинар


Дорнод аймгийн гадаад хэлний багш нарын семинар 2007 оны 11 сарын 13-ны өдөр боллоо. Семинарыг Дорнод аймгийн БСГазар, Дорнод Дээд сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд төв хөдөөгийн англи орос хэлний нийт 50 орчим багш, сурган хүмүүжүүлэгчид, Дорнод дээд сургуулийн гадаад хэлний багш нар, гадаадын мэргэжилтнүүд оролцов.Семинарын гол зорилго нь гадаад хэлний багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг Монгол улсаас баримталж буй хэлний бодлогын талаарх шинэ мэдээллээр хангах, хамтын ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалтын явцад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга замыг тодорхойлоход чиглэсэн байлаа. Семинар 2 хэсэгтэй явагдсан ба эхний хэсэгт багш нар англи ба орос хэл гэсэн 2 салбараар хуваагдан илтгэл, хичээлүүдийг дээрх 2 хэлээр тавьж хэлэлцсэн бөгөөд англи хэлний багш нарын сургалт 1-р сургууль дээр, орос хэлний багш нарынх ДДС –д болов. 2-р хэсэгт багш нар нэгдсэн семинар зохион байгуулж, бүлгээр ажиллан санал солилцлоо..Нэгдсэн семинарын үеэр Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Дуламсүрэн , ДДС-ийн захирал Ү.Ариунболд нар хүрэлцэн ирж семинарт оролцогчдод хандан багш нарын мэргэжил дээшлүүлэлт , гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа, ДДС-ийн сургалтын үйл ажиллагааны талаар ярьлаа. Мөн ДДС ийн Хүмүүнлэгийн ухааны салбар өөрсдийн оюутныг ЕБС-д дадлага хийх явцад хамгийн сайн тусалж, зөвлөгөө өгсөн англи – орос хэлний нэг нэг багшийг шагнаж урамшуулсан бөгөөд Хан-Уул сургуулийн орос хэлний багш Х.Оюунсүрэн , 8-р сургуулийн англи хэлний багш О.Саранцэцэг нар шагнагдсан юм..Сургалтанд оролцсон англи хэлний багш нарт БСГ- аас сургалтын хэрэглэгдэхүүн болгож DVD хичээл өгч хэрхэн ашиглах талаар танилцууллаа.Уг DVD хичээлийг 10,11-р ангийн сонгоны хичээлд ашиглахад нэн тохиромжтой гэж үзлээ. Сургалтанд оролцогсдод сертификат гардуулсан бөгөөд сургалтын талаарх санал асуулгаар 100 хувь үр дүнтэй боллоо гэж дүгнэгдлээ.

No comments: