Dec 2, 2008

Англи хэлний онлайн олимпиадын тухай.

Англи хэлний хичээл, олимпиад шалгалтуудыг мэдээллийн технологи буюу компьютер, интернэтийн сүлжээ ашиглан явуулах арга хэлбэр дэлхийн улс, орнуудад түгээмэл байдаг. Тухайлбал гадаадын их, дээд сургуулиудын элсэлтийн IBT TOEFL, CBT IELTS зэрэг шалгалтуудыг мэдээллийн технологийн тусламжтайгаар авч болдог. Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежуудын түвшинд бүрдсэн сургалтын орчин, дэд бүтцийг ашиглан англи хэлний олимпиадыг эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нарийвчлал өндөртэй хэлбэрээр илүү өргөн хүрээг хамруулан зохион байгуулах боломжтой юм.
Англи хэлний онлайн олимпиадын зорилго нь бага зардлаар харьцангу олон тооны багш, суралцагсдын англи хэлний түвшинг богино хугацаанд бодитоор тогтооход оршино.

Зохион байгуулалт

  • Олимпиад нь сургууль, багш нар, суралцагсдын дунд 1 үе шаттайгаар их сургууль, коллежи болон ерөнхий боловсролын сургууль гэсэн 2 ангиллаар явагдана.
  • Олимпиадад англи хэлний сургалтын лаборатори хуваарилагдсан 8 их сургууль, коллежид англи хэлний онлайн хичээл зааж буй 8 багш, мөн тухайн сургууль тус бүрээс 20 буюу нийт 160 оюутан хамрагдана. Оюутнуудыг англи хэлний мэдлэгээс нь хамааруулан курс харгалзалгүйгээр сонгон онлайн олимпиадад оролцуулж болно.
  • Ерөнхий боловсролын 184 сургуульд англи хэлний онлайн хичээл зааж буй 184 багш, 3680 суралцагчид хамрагдана. Суралцагчдыг англи хэлний мэдлэгээс нь хамааруулан анги харгалзалгүйгээр сонгож болно.
  • Суралцагч, оюутнуудыг онлайн олимпиадад зориулж тусгайлан үүсгэсэн мэдээллийн санд олимпиад явагдах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлнэ.
  • Англи хэлний олимпиадыг 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд нэгэн зэрэг зохион байгуулна.
  • Олимпиадын үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол соёлын газрууд болон сургуулиуд хөндлөнгийн хяналт тавин ажиллах болно.