Jan 26, 2011

Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг







Гадаад хэлний багш нарын мэргэжлийн өдөрлөг 2011 оны 1 дүгээр сарын 21-нд Шинэ Хөгжил цогцолбор сургууль дээр боллоо. Өдөрлөгт гавьяаныхаа амралтанд байгаа орос хэлний ахмад багш нар, Дорнод аймгийн ерөнхий боловсролын салбарт ажиллаж байгаа англи, орос хэлний багш нар, Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд оролцож өнгөрсөн оныхоо амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, мэргэжлийн шилдэг багшаа шалгаруулсан юм. Гадаад хэлний оны шилдэг багшаар 8-р сургуулийн багш Ж. Дэлгэрзаяа шалгарлаа. Оны шилдэг багшийг тодруулахдаа тухайн онд өөрийн болон шавь нарын улс, аймгийн чанартай олимпиад уралдаанд гаргасан амжилт, стандартын хэрэгжилт, сургалтын таатай орчин бүрдүүлж ажилласан байдал зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр гадаад хэлний багш нарын арга зүйн зөвлөлөөс шалгаруулсан байна.Өдөрлөгийн үеэр Шинэ Хөгжил сургуулийн гадаад хэлний секцийн хамт олон хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан юм.

Jan 25, 2011

Гадаад хэлний багш нарын сургалт семинар боллоо.

Дорнод аймгийн БСГ-аас 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа гадаад хэлний багш нарт зориулсан сургалт семинарыг 2011 оны 1 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд зохион явууллаа. Сургалтанд Хэрлэн сумын 1,2,5,6,8,11,12,Хан-Уул, Шинэ Хөгжил сургуулийн багш нар, сумдаас Дашбалбар, Чойбалсан, Цагаан-Овоо сумдын англи хэлний нийт 25 багш хамрагджээ. Сургалтын хөтөлбөрт гадаад хэл заахад хэрэглэх сургалтын идэвхтэй аргууд, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, сурагчдын англиар бичих чадварыг дээшлүүлэх арга замууд / creative writing /, сургалтын хэрэглэгдэхүүн хялбар аргаар бэлтгэх нь, мэдээлэл харилцааны технологид тулгуурлан гадаад хэл заах арга болон Английн боловсролын систем зэрэг сэдвүүд багтсан байв. Сургалтыг БСГ-ын мэргэжилтэн Д. Хэрлэнмөрөн, Энх тайвны корпусаас Хан-Уул сургуульд ажиллаж байгаа сайн дурын ажилтан John Russel,Архангай аймгийн сайн дурын ажилтан Kaede, Дорнод дээд сургуулийн англи хэлний тэнхимийн багш нар болон Хэрлэн сумын зарим сургуулиудын гадаад хэлний секцийн ахлагч нар хамтран явуулав.